April 21, 2015

Бидний хэсэг монголчууд хэрэлдэж байх зуур ...

Өнөөдөр Аанхаа гэдэг нийтлэлчийн "адилхан л бацаан байсаншд" (http://aanxaa.niitlelch.mn/content/6958.shtml#.VTXLTZ4ZGZo.facebook) гэдэг нийтлэлийг уншаад бичмээр санагдлаа. Уншаад бичээд, дотор нь ороод ирэхээр хэн нь хэн бэ гэдгээ мэдэрсэн тухайгаа бичсэн байна. Би ч мөн адил зүйл мэдэрсэн хүний хувьд үзэл санаагаа хуваалцахаар шийдлээ. Сүүлийн үед блогт юм нэмсэнгүй. Гэхдээ магадгүй бодит амьдрал дээр зах зээл, эдийн засаг, бизнесс, бодлого тодорхойлогч нар бидэнд хэрхэн нөлөөлсөн, нөлөөлж болох тухай тодорхой хэмжээний ойлголт мэдээлэлтэй болж эхэлж байна, цаашид ч суралцсаар байх биз. Тэр хирээр манайд юу хэрхэн нөлөөлж байгаа вэ гэдэг дээр толгой гашилгаж суугаа хүмүүстэй холбогдох, санал бодлоо солилцох боломж нээгдэх юм уу гэж бодлоо. Манай улсын эдийн засаг удааширч байна. Яагаад вэ гэдэг асуултад өөрийнхөөрөө хариулах гээд оролдоод үзье. 2008 оны дэлхийн эдийн засгийн хямрал АНУ-н subprime mortgage-с болсон, дэлхий хямарч нилээн юм болсон. Урд хөрш маань ч хямарсан, мэдээж судалгаа стастик байгаа, гэхдээ түүнийг алгасаад бидэнд хэрхэн нөлөөлөв гэдэг дээр төвлөрье. Хятад улс хямралаас өөрсдийгөө гаргахын тулд зах зээлдээ 4 триллион юань (USD $570 billion)( гооглдвэл энэ талын мэдээлэл нилээн бий) доллар оруулаад үйлдвэрлэл нь идэвхжээд, эдийн засгийн хурд нь өсөөд хажууд нь байсан түүхий эд экспортлогч манай эдийн засаг сэвхийтэл босч ирээд түүхэндээ байгаагүй өндөр хурдлав. Тэд эдийн засгаа тэлснээр бид ч хямралыг нэг их айхтар мэдрээгүй өнгөрсөн. Энэ их барилгажилт, бүтээн байгуулалтыг дагаад эдгээрт хэрэглэгддэг төмрийн хүдэр, коксжих нүүрс, зэс болон бусад эрдсийн үнэ гэрлийн хурдаар өсөв. Энэ үетэй зэрэгцээд эдгээр түүхий эдийн гол нийлүүлэгч болох Австрали улсад 2008 болон 2010-2011 онуудад томоохон үер болов. Уурхайд нь усаар дүүрч, усанд живсэн том том ачааны машинууд, нүүрс тээвэрлэдэг төмөр замын даланг нь ус урсгаад аваад явсан дүр зургууд харагдаж байв. Ингээд коксжих нүүрсний үнэ хаданд гарч, Хятадын худалдааны компаниуд Монгол руу уралдацгааж, байнга ийм байх мэт санасан хөрөнгө оруулалтын банкууд дэлхийгээр хэсч коксжих нүүрс, төмрийн хүдрийн ордууд хайн их хэмжээний хөрөнгө оруулалтууд хийв. Эдний нэг болох Монгол улсын Таван Толгой гэдэг орд 2010-2011 онуудад *од* болов. Олон ч олон улсад алдартай компаниуд тэндэрт оролцох санал өгч, манай улсын иргэд болон улстөрчид бас үүнийгээ дагаад нилээн хаданд гарцгаав. Гэхдээ цаг цөвүүн болоход энд тэнд хөрөнгө оруулаад дэмий юм байна гэдгийг ч тэдгээр компаниуд ойлгож, зарим нэг үнэтэй ордууд авсан компаниуд хөгжүүлж чадахгүй уурхайгаа хямд үнээр зараад төслүүдээсээ татгалзаж эхлэв. Жишээ нь цагийн сайханд 3.7 тэрбум доллараар авсан уурхайгаа Рио Тинто 50 саяар зарав. (http://www.mining.com/rio-tintos-3-7bn-mozambique-coal-business-sold-for-50m-72265/) Таван толгойд хөрөнгөө оруулчихаагүйдээ баярлаж суугаа хэдэн компани байгаа бол, дээрээс нь ийм төр засагтай, хөрөнгө оруулалтуудыг хаана бооно, хавчиж ялгана. Муу муу гээд байгаа хамар доороо байгаа Хятадуудыг үзэн ядаад байдаг гэтэл Хятадын хөрөнгө оруулалтыг дэлхий даяараа л "гуйлгачилж" байна. Ажиглаж байгаа хүний хувьд хэлэхэд хамгийн их уул уурхай хөгжсөн Австрали сүүлийн үед хамгийн их хөрөнгө оруулалтыг Хятад болон Энэтхэгээс татсан байдаг. Учир нь үндсэн хэрэглэгч нар нь эдгээр улс тул нэг талаасаа өөрийнхөө худалдан авалтыг баталгаажуулж авч байна. 2015 оны 4 сард Бээжин хотноо болсон Coaltrans China хуралд, Японы Сожиц компанийг төлөөлж ирсэн (Сожицын Австрали дахь уурхайн гүйцэтгэх захирал Австрали хүн Хятадын компаниудыг Австралид ирж хөрөнгө оруулаачээ гэж хурлын индэр дээрээс зарлаж байх юм. Сонин санагдсан шүү. Хөрөнгө оруулалт муу биш, гол нь тэр нь тухайн орныхоо хууль тогтоомж, дүрэм журам нь тодорхой, тэр хууль дүрмээ сахиулж чаддаг л байх хэрэгтэй юм уу даа. Гэтэл манайд эдгээр нь тодорхойгүй, амархан өөрчлөгддөг, төрийн албад, улс төрчид гээд зовлон их. За хөрөнгө оруулалт тусдаа сэдэв тул ингэсгээд орхилоо, дараа энэ тухай бичнэ гэж бодоод ... Гэтэл өнгөрсөн хэдэн арван жил эдийн засгийн огцом өсөлттэй байсан хятад улс цаашид энэ эрчээр хурдлах боломжгүй болов. Засгийн эрхийг авсан улстөрчид ч мөн эдийн засгийг цаашид тогтвортой (гэхдээ одоогийнхоос удаан) өсгөнө гэх зүйлийг ярих болов. Эдийн засгийн хурдыг удаашруулж 7%-д барих, үүнд тохирсон мөнгөний бодлого хэрэгжүүлж эхэлснээр эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, агуулгаараа хамгийн том салбар болох барилга, үл хөдлөх хөрөнгийн салбар огцом удааширч үүний үр дүнд борлуулалт багасаж үнэ унав. (ghost city олноор төрөх болов) 2014 оны сүүл, 2015 он гарсаар эдийн засаг хэт удааширлаа гэж үзсэн тул бодлогын хүүгээ төв банкнаас хэд хэдэн удаа мөн моргейжийн хүүг бууруулах, анхны болон 2,3 дахь байрны худалдан авалтад шаардагдах down payment-ийг бууруулах хэд хэдэн арга хэмжээ авлаа. Гэхдээ хараахандаа барилгын салбарт, үнэд нөлөөлсөн нөлөөлөл бага байна. (Мэдээж дан ганц барилгын салбар энэ бүгдийн шалтгаан болоогүй гэхдээ хамгийн том нь гэдгийг анхаараарай.) Барилгын компаниудын нөхцөл хүндэрч эхэлснээр үүнийг дагаад сүүлийн хэдэн жилүүдэд тогтмол бөгөөд эрс өсөлттэй байсан гангийн зах зээл 2014 оноос удааширч зарим тохиолдолд үйлдвэрлэл хэрэглээ зэрэгт удаашрах шинж тэмдэг 2014 оноос ажиглагдав. 2015 он гарсаар ган, коксын экспортоос бусад бүгд уналттай болов. Ган, кокс, коксжих нүүрс, төмрийн хүдрийн үнэ, үйлдвэрлэл, хэрэглээ гэх мэт. Хятадын Гангийн үйлдвэрүүдийн холбооны дэд ерөнхийлөгч нь Хятад улсын үйлдвэрлэл болон хэрэглээ 2014 онд дээд цэгтээ хүрсэн цаашид унах болно гэж хэд хэдэн удаа мэдэгдэв. Энэ мэт нөхцлөөс цагийн сайханд 2011 онд спот 360 ам доллар гарч байсан коксжих нүүрсний үнэ унаж Австралийн зүүн эрэг дээр 90 ам доллар болтлоо 4 дахин унав. Төмрийн хүдэр мөн 2011 онд 200 доллар луу дөхөж явсан бол саяхан Австралийн зүүн эрэг дээр 45 ам доллар болтлоо 4 дахин буув. Энэ завсар борооны дараах үүл мэт олширсон худалдааны компаниуд дампуурах нь дампуурч, дампуураагүй нь удааширч, үйл ажиллагаа нь эхэлсэн болон эхлээгүй уурхайнуудын олонх зогсов. Одоогийн Хятадын дотоодын үнэ болон дэлхийн зах зээлийн үнээр Хятадад болон дэлхийд ашигтай ажиллаж байгаа нүүрсний болон төмрийн хүдрийн тун цөөн уурхайд үлдэж байна. Миний л мэдэхийн 2009 оны 34 сая тонн импортолж 2013 онд 75 сая тонн хүртэл өсч байсан Хятадын коксжих нүүрсний импорт 2014 онд 62 сая тонн болтол буурсан ба он гарсаар мөн жилийн бууралттай гарсан. Эрдсийн судалгаагаар алдаршсан Macquarie bank энэ хэмжээг мөн цаашид тогтмол буурна хэмээн тооцоолж байна. Сүүлийн үед хэвлэл мэдээллээр их л яригдаж байгаа ч нийт массын ухамсарт хүрч байна уу үгүй юу гэдэг нь эргэлзээтэй нэг асуудал байна. Монголчуудыг сүүлийн хэдэн жилд уул уурхай нь тэжээсэн (мал аж ахуй биш, бусад үйлдвэрлэл биш, уул уурхай) цаашид ч энэ уул уурхай нь тэжээнэ. Томоохон татвар төлөгчид нь ихэнхдээ л уул уурхайн компаниуд байна. Мэдээж эдийн засгаа солонгоруулах хэрэгтэй, гэхдээ тэр болтол муу хэлэгдсэн уул уурхай л тэжээнэ. Энэ уул уурхайгаас орж ирсэн мөнгөө хуримтлуулна, бусад салбарт хөрөнгө оруулна, тэгж байж солонгорно. Гэтэл энэ уул уурхай нь өөрөө явсаар явсаар Хятадууд байр худалдаж авах уу үгүй юу гэдгээс хамаарах гээд байна. Тэгэхээр хүссэн хүсээгүй энэ чиглэлд анхаарал хандуулах, судалгаа ойлголттой болох, Хятадтай харилцаагаа сайн байлгах хэрэгтэй нөхцөлд тулгаж байна. Нүүрс, төмөр унаа л биз бусад нь байгаа юм чинь гэж магадгүй. Гэтэл зэсийг ч гэсэн бараг 100% хятад руу экспортолж байгаа гэдгийг санагтун, байшин барихаа боливол зэс ч хэрэглэгдэхээ болино гэсэн үг. (Монголын статистикийн төв газраас гаргаж байгаа судалгаанд Монголын гадаад худалдааны хэсэг гэж байгаа, тэгэхээр бид юу экспортолж ямар орлого олж байгаа тухай дараа нь дэлгэрүүлж болох юм.) Хятадын эдийн засаг яах нь вэ, эрдсийн үнэ яах вэ гэдэг дээр манайхан уг нь чих тавьж байх хэрэгтэй санагддаг, манай эдийн засаг яах вэ гэдэг нь одоо тэндээс хамаараад учраас ... Нэгэнт уул уурхай тэжээж байгаа, ойрын ирээдүйд тэжээх юм бол яаж энэ салбараа сайжруулах вэ гэдэг дээр анхаарах хэрэгтэй. Ухаантай хүн бусдын алдаанаас суралцдаг, тэнэг хүн өөрийн алдаанаас суралцдаг гэх. Бид ч нэрвүүлж хямарч байж л ухаарах улс юм даа. Уул уурхайд тулгуурласан эдийн засагтай улс юм бол тэрнийгээ экспортолж мөнгө олдог юм бол түүнийгээ гаргах дэд бүтцээ л ямар нэгэн аргаар хурдхан байгуулах ёстой санагдах юм. Өчигдөр ч хэрэгтэй байсан, өнөөдөр ч хэрэгтэй байна, маргааш ч хэрэгтэй л байх зүйлийн нэг. Дорж нь экспортлоно уу, Дулмаа нь экспортлоно уу, экспортолж л хэдэн төгрөг олох гээд байгаа юм бол яадаг ч байсан дэд бүтэц хэрэгтэй. Яагаад гэвэл өртөг зардлыг бууруулж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлдэг зүйл бол дэд бүтэц. Түрүүн хэлсэнчлэн нөхцөл хүнд байгаа тул одоо дэлхий дээрх бүх төмрийн хүдэр болон нүүрсний уурхайд зардлаа бууруулж өөрсдөдөө амьдрах орон зайг үүсгэх гэж оролдож байна. Хямралтай энэ хэдэн жилд ч гэсэн Австрали гол нүүрсээ гаргадаг боомтынхоо хүчин чадлыг нэмсээр байна. (Дэлхийн хамгийн том коксжих нүүрс экспортлогч BHP Billiton өөрийн эзэмшлийн уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлж байна.Hay Point боомтын жилийн нэвтрүүлэх хүчин чадлыг 44 саяаас 55 сая тонн болгохоор ажиллаж байна) ОХУ урт хугацаандаа Хятадад нүүрсээ гаргаж л байвал сайн гэдгийг мэдэж байгаа учраас алс дорнодын боомтуудаа өргөтгөж байна. Өөрсдийн уурхайдыг дэмжиж төслийн санхүүжилтүүд олгож байна. Хятадад нүүрсний тээврийг нэмэгдүүлэх төмөр замын дэд бүтцийн хөрөнгө оруулалт хийгдэн гол гол нүүрсний ордуудаас үндсэн хэрэглээ бүхий газрууд руу тээврийн хүчин чадлыг нэмсээр байна. Манай шинэ өрсөлдөгч гэгдэж байгаа Мозамбикийн Моатизэ уурхайгаас далайн боомт хүртэл 900 км төмөр зам татаж, Накала боомтод мөн 20 сая тоннын ачиж буулгах хүчин чадал бүхий усан онгоцны боомт байгуулж байна. Дэлхийн уул уурхайн эхний хэдэд толгой цохидог өөрсдийн тээврийн зардлаа бууруулахын тулд анх удаа 400,000 тоннын даацтай Valemax гэдэг усан онгоц захиaлгаар хийлгэсэн. (Австрали болон бусад далайн тээврээр эрдэс экспoртлогч улсуудтай өрсөлдөхийн тулд) гэтэл үүнийг нь Хятадын эрх баригчид өөрсдийн боомтод буулгахыг зөвшөөрөөгүй тул эрх ашгийг хамгаалахын тулд ерөнхийлөгчийн хэмжээнд айлчилж зөвшөөрүүлэх талаар ярилцаж байна. Төр засаг нь өөрсдийн хувийн хэвшлээ ингэж дэмжиж байна. Гэтэл манайд 2008 оноос эхлээд экспорт эхлэхэд л төмөр зам барих гэхэд эсэргүүцсээр 2015 хүртэл саатуулчихсан, дахиад хэдэн жил ч саатах юм байгаа бол. Цаад талаасаа төмөр замын шугам нь бэлэн байхад саатуулсаар л байх юм. Уг нь энэ орчихсон бол өртөг зардал, нэвтрүүлэх хүчин чадал зэрэг нь шал ондоо байх байсан юм. Гэтэл улстөржилт, нийтлэлч Аанхаагийн хэлдгээр мэргэжлийн бус хэдэн нөхөр орж ирж мэдэхгүй сэдвээрээ толгой угаагаад салбарыг самарч байгаагийн улмаас хамаг юм зогсоод удаашраад байна л даа. (Энэ асуудал явсаар явсаар засаглалтай холбоотой асуудал болж дуусах учраас энэ тухай жичэд нь бичихээр үлдээлээ. Товчхондоо бол "юм үзээгүй Монголчуудад" ардчилсан засаглал хэрэггүй, 1 дарангуйлагч байх хэрэгтэй юм уу гэсэн дүгнэлтэд хүрээд байгаа. Ардчилал бол анархизм биш, үндэсний эрх ашиг гэдэг нь цээжээ дэлдээд эх оронч гэж орилохоос өөр юм гэдгийг ихэнх массаараа ойлгодог болсны дараа ардчилсан нийгэмд шилжих нь зүйтэй юм уу гэж бодогдоод байгаа.) Урд хөрш маань үйлдвэрлэлээ нэмэхээ байдаг юм удаахан шиг бууруулаасай гэж залбирах л үлдэх шив дээ. Хэрвээ хятадын барилгын салбар нь удааширснаар гангийн үнэ, үүнийг дагаад коксжих нүүрс болон төмрийн хүдрийн үнэ 2008 оны хямралын үеэс ч доошоо ороод байна. Хятадын зүүн эрэг дээр хүргэж ирсэн (CFR China) 62% агууламжтай төмрийн хүдрийн үнэ spot 50 ам доллараас доош уналаа (2015 4 сарын 1), дунд дэгдэмхийтэй mid volatile коксжих нүүрсний үнэ (манай таван толгойн ордны нүүрстэй ойролцоо чанартай) 95 ам доллар (2015 4 сарын 2) болоод байна. 2012 оны 2 дугаар хагасаас хойш тасралтгүй унасаар л байна. Хэрвээ хятадын барилгын салбар сайжрахгүй бол дотоодын эрэлт, хэрэглээ нэмэгдэхгүй, гангийн бүтээгдэхүүнүүдийн экспорт нь түүхэндээ байгаагүй их болсон бөгөөд (2014 оны байдлаар 94 сая тонн, энэ нь дэлхийн гуравдагч том үйлдвэрлэгч орон болох АНУ-ын жилийн үйлдвэрлэлийн хэмжээнээс их) дэлхийн улс орнууд хятадаас импортлох гангийн бүтээгдхүүнүүдэд импортын татвар тавиулахаар хөөцөлдөж байна. Тэгвэл манай улсын экспортын хэмжээ өсөлттэй байгаад байгаа хэдий ч орлогын хэмжээ буурсаар байна, тэрнийг дагаад төсөв багасна, хямрал хэцүүдүүлнэ. Гэтэл яг энэ үед хөрөнгө оруулалт хийхээр орж ирж байгаа хөрөнгө оруулагчдаа угтаж байгаа байдлыг н хараад байгаарай, нийт хувьцаа эзэмшигчдийн гарын үсэг байхгүй байна гэнээ. За за тоймлоход манай эдийн засаг Хятадын үйлдвэрлэл, хэрэглээнээс маш их хамаарч байна, гэтэл зах зээл хямраад 2008 оны хэмжээнд хүрчихлээ, ер нь л тун хэцүүдэж байна. Бүгд арга саам сүвэгчилэх гэж ядаж байхад, өрсөлдөх чадвараа дээшлүүлж байхад манайхан гэдсэндээ хөлөө жийлцсээр, энэ зуур бондын төлбөр төлөх хугацаа болон сонгууль ойртсоор л, УИХ - ын дарга нь тэнэгтсээр л ...

No comments: